Slide background
Slide background
Slide background

“Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр” Тариат суманд хэрэгжинэ

KhorgoШинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас баталсан. Тус 16 сумын нэгээр Архангай аймгийн Тариат сум шалгарч, 2014 онд сумын шинэчлэл хөтөлбөрийн дагуу бүтээн байгуулалт хийгдэж айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулагдах юм. Төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болгосноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна. Сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэнэ. Фермер болон эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлал зэрэг үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэх ажээ. Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авсан ба БХБЯ-ны зүгээс тавьсан шаардлага, нөхцлүүд хангаж буй 16 сумыг сонгожээ. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг БХБЯ-наас тавьжээ.