ТАНИЛЦУУЛГА
Архангай аймгийн Тариат сум нь 1923 оны 5 дугаар сард анх байгуулагдсан. Мөрөн сумыг 1962 онд татан буулгаж тус сумтай нэгтгэсэн бөгөөд тэр үед сумын төв нь Хоргод нүүн төвлөрсөн ажээ. Ийнхүү тус сумын газар нутаг, нөөц, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн төдийгүй төрийн үйлчилгээний цар хүрээ ч ихээхэн тэлсэн билээ. Тариат сум нь эдүгээ аймагтаа хүн ам, эдийн засгийн баазаараа томоохонд тооцогдох засаг захиргааны нэгж болон өргөжин хөгжсөөр байна.
Газар зүйн байршил:
Архангай аймгийн баруун хэсэгт :
- Архангай аймгийн төвөөс 166 км,
- Улаанбаатар хотоос 650 км –т оршдог.
Тус сум нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумуудтай хиллэдэг.
Байгаль, газарзүйн онцлог:
Газар зүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1820-3106 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 347.7 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 59.8%-ийг ХАА-н эдэлбэр газар, 34.9%-ийг ой мод, 0.5%-ийг усны нөөц газар эзэлдэг. Нийт нутаг дэвсгэрийн 22.2 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлнэ. Тус сумын нутагт Зааны нуруу, Баясгалан, Уран мандал, Хандгайт, Хутаг-Өндөр, Тахилт, Гүрт зэрэг өндөр уулс, тарвагатайн нурууны ой тайгаар хучигдсан атираат нурууд Тэрхийн хөндий, Уулангийн тал, Нарийний хөндий, Цармын хоолой, дээд, доод арал, Ихжаргалант зэрэг уудам хөндий хоолойнууд бий. Ой тайгад их төлөв хар мод, хуш, гацуур, хус, нарс, жодоо зэрэг шилмүүст мод зонхилдог. 10 шахам төрлийн жимс жимсгэнэ хүнсний ба эмийн ургамлууд ургана. Монгол оронд байдаг аньс, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг байдаг.
Уул нуруу хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр, бор гөрөөс, үнэг хярс, тарвага, зурам, мануул, дорго, нохой зээх, үен, туулай, гахай зэрэг ан агнуурын ба ажиглах, судлахад сонирхолтой амьтдаас гадна нүүдлийн суурин шувууд амьдардаг. Гол мөрөн нуурт нь тул, зэвэг, хадран гутаарь, цурхай, алгана зэрэг 10 гаруй төрлийн загас байдаг.
Манай суманд галт уулын сөнөсөн 32 тогоо бүртгэгдсэний дотор Хоргын тогоо улс даяар алдартай юм. Байгалиас тогтсон мөсөн хонгил, гэр хад, шар нохойн там, залуусын агуй, Өвгөн цохио зэрэг үзэсгэлэнт Хорго орчмын байгалийн тогтоц, хотол олонд зартай Тэрхийн Цагааннуур, Хөдөө, Салт, Шивэрт, Ноот нуур, Суман, Чулуут голоос гадна Тэрх, Нарийн, Гичгэнэ, Тариат, Жаргалант зэрэг жижиг голууд сумын гадаргын усны үндсэн нөөцийг бүрдүүлдэг. Хадат, Ангархай, Ороох, зэрэг рашаан булаг олонтой.
Цаг уурын нөхцөл:
Тариат сум нь өндөр уулын бүсэд оршдог учир цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Энд удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг богино зун, өдөр нь нилээд халж, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур, чийг ихэнхдээ дутмаг байх зэрэг эх газрын уур амьсгалын эрс тэс үндсэн шинж тодорхой илрэхээс гадна уул, нуруу, тал хөндий зэрэг газрын гадаргын хэлбэрээс шалтгаалан уур амьсгал газар бүр харилцан адилгүй байдаг.
Зундаа 25-38 хэм хүртэл халж, өвөлдөө 32-41 хэм хүртэл хүйтэрдэг. Жилийн дундаж температур 6,7 сард 24 хэм дулаан, 1,2 сард -26 хэм хүйтэн байх ба жилд дунджаар 280-300мм орчим хур тунадас ордог. Хамгийн их хур тунадас 1 ба 7 сард ордог. Гол төлөв баруун хойд зүгийн салхи зонхилдог. Салхины дундаж хурд 3-5м/сек, хамгийн их салхитай сарууд 4,5 сар юм. Салхины хамгийн их хурд нь 17м/сек хүрдэг. Сүүлийн жилүүдэд зундаа үе үе халуун болж бороо хур бага богино зун, урт хавар намар болох болсон нь байгалийн экологийн өөрчлөлттэй шууд холбоотой юм.
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 347.7 га.
Зориулалт | Хэмжээ /га/ | Нийт талбайд эзлэх хувь |
Хөдөө аж ахуйн газар | 208042 | 59.8 |
Ойн сан бүхий газар | 121692 | 34.9 |
Усан сан бүхий газар | 17386 | 0.5 |
Тусгай хэрэгцээний газар | 77267 | 22.2 |
Тосгон, суурингийн газар | 230.5 | 0.06 |
Дэд бүтцийн газар | 380 | 0.1 |